Михаил ЗАДОРНОВ

/хөгжөөнтэй тохиолдлуудаас/
Санамсаргүй тааралдсан нэг нөхөр намайг зогсоогоод, шууд л гудамжинд энэ түүхийг ярьж өгсөн юм. Энэ явдал түүний яг толгой дээр нь буюу, дээд давхарт нь болж л дээ.
Харалдаа дээр нь аж төрдөг хөрш нь тэр өдөр найзтайгаа навс согтсон юмсанж. Тэгээд яахав дээ нэг бол охид хүүхнүүдийг оролдмоор, эсвэл баатарлаг үйлс бүтээмээр, нэг л тийм сайхан сэтгэгдэл төрөөд явчихаж. Хүүхэн олно гэдэг тэр хоёрын хувьд ирээдүйгүй зүйл болох нь ойлгогдож, баатарлаг үйлсээр оролдох л ганц сонголт үлдэв. Хоёр найзын нэг нь:
-Би гурван давхрын цонхоор үсрээтэх үү? Үсэрч чадна гэж мөрийцөх үү, аан? гэлээ. Хоёр дахь эр мэдээж эгдүүцэв.
-Битгий тэнэгт! Галзуу солиотой юм уу, хаашаа юм? Хэмхэрч үхнэ ш дээ!
-Үгүй яах ч үгүй!
-Сагсуу минь, хэмхэрнэ дээ! Мянгуужин уу чи?
-Мянгуужин гэнэ ий?! Би тэгээд Мянгуужин шиг худалч болж таарч байна уу? Тэгж ярих юм бол би хэзээ ч худлаа хэлж үзээгүй хүн. Харж бай...
Гомдсон найз үнэхээр худлаа хэлдэггүй гэдгээ батлахаар цонхны тавцан дээр гарснаа сүр сар хийгээд л далд орлоо. Түүнд итгэхгүй байсан нөгөөх найз нь айсандаа тэр дороо архи нь гарчих нь тэр. Цонхоор ч харж чадахгүй “түргэн” дуудах санаатай адгаж байлаа.
Согтуу хүн сохор ухаантай гэж зүгээр ч нэг үг биш аж. Үнэнч эр маань тааруухан кинонд гардаг шиг бут руу ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зөөлөн зүйл дээр уначихсан юм байлгүй амьд мэнд үлдчихэж л дээ. Түргэн тусламж ирж байх зуур мань эр буцаж гурван давхар өөдөө гараад ирж. Найз нь баярласандаа болоод мэдээж 103 руу “Одоо та нар хэрэггүй болсон. Битгий ир” гэж утасдахаа мартаад, архи балгадаг ариун шударга хүмүүсийг харж үздэг бурханд баярлаж, гэнэтийн сайхан учрал тохиолыг бахдан ярьж гарав аа. Яг энэ мөчид түргэнийхэн ирж, дамнуургаа дамжилдан гурван давхарт гүйлдэн гараад, хонходлоо. Хаалга онгоймогц “Хэн түргэн дуудсан бэ?” хэмээн тэвдсэн хоолойгоор асуулаа.
-Би.
-Юу болоо вэ?
-За даа, нэг их сүртэй юм биш ээ. Бид хоёр жаахан хэтрүүлээд, найз маань энэ цонхоор үсэрчихлээ л дээ. Тэгээд та нарыг дуудчихсан чинь, муу хог чинь, яагаа ч үгүй, ороод ирдэг байна ш дээ...
Түргэнийхэн гурвуул гурван зэрэг мань хоёрыг хараалаар булаад, хүүхдүүд минь худлаа хэлж болно оо, гэхдээ арай ч ингэж дэгсдүүлж болохгүй гэж загнав.
-Өө, та нар над итгэхгүй байгаа юм уу? хэмээн үнэнч эр уурлав. Намайг цонхоор үсэрсэн гэдэгт итгэхгүй байна аа гэдэг чинь намайг худалч гэж байгаа хэрэг. За харж бай...
Ингээд тэр дахиад л үсэрчихлээ! Түргэнийхэн үсэрсэн эрийг газарт буухаас нь өмнө амжиж дамнуургаа доор нь тосох гэж байгаа юм шиг л шатаар доош харвацгаалаа. Харамсалтай нь хоёр дахь үсрэлт хамаагүй эмгэнэлтэй явдлаар төгсөв. Өөрийн үнэнчдээ дэндүү бардам эр маань хэдийгээр амьд үлдсэн ч гэлээ сэхээн амьдруулахад хүргэгдсэн юм. Түргэнийхэн түүний унах газар дамнуургаа ивж амжаагүй учраас тэр шүү дээ.
Орчуулсан А.АМАРСАЙХАН

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Хүүхдэдээ уншиж өгөөрэй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар ийм номын
зохиолыг зураг чимэглэлтэй нь хийлээ.
Бүх 28 хуудас зурагтай бүтээгдсэн болно.
Зургийг бүгдийг нь оруулах гэснээ бяцхан залхуурав.

/өгүүллэг/

Харзатын есдүгээр гудамжаар явж өнгөрөх хүмүүс зуун гурван тоот хашааг тэр бүр онцгойлж анзаарахгүй. Байдаг л улаан будагтай, банзан хашаа, хаа ч тааралдах таван ханатай гэр гэж харна. Харин гярхай заримынх нь нүдэнд орчноо цэмцийтэл тохижуулсан болох нь шууд тусна. Сайн ажигласан нэгэн “Муу усны цооногийн тагийг хүртэл угааж арчсан байна шүү!” хэмээн дотроо дуу алддаг. Энэ хашаанд Сугар гэх хүү, аав ээж, хоёр дүүтэйгээ ам бүл тавуул аж төрнө. Гэрийнхэн бүгдээрээ их нямбай. Арчиж зүлгэсэн тогоо шанага, сав суулга нь байнга гялалзана. Хашаанд нь ганц ширхэг чихрийн цаас ч бүртийж харагдсан удаагүй. Ийм байлгахын тулд Сугарын гэр бүл ихэд чармайж, угаалга цэвэрлэгээ байнга хийнэ. Гэхдээ Сугар болоод дүү нарт нь заримдаа энэ бүхнээс залхмаар санагдах үе ч гарна.
Намрын нар ээсэн нэгэн орой аав ээж нь ажлаасаа ирэх арай л болоогүй байлаа.
Сугарын найз, хажуу хашааны Ганбаа, дүү нартайгаа бөмбөг тоглож байгаа бололтой.
-Ес гурав! -Үгүй, ес дөрөв шүү! гэх дуу шуугиан тэдний хашааг даван цуурайтна. Харин Сугар ажилтай сууж байлаа. Тэр пүрэв гаригт усны саваа угаадаг. Долоо хоног бүр угааж, ариутгах ёстой гээд, ээж нь ийм хуваарь гаргасан билээ.
-Ха ха! Манайх хожлоо! гэж Ганбаагийн дүү Болороогийн бололтой чанга дуу дахин хадах нь сонсогдлоо. Сугарын дүү Нараа сэртхийн энэ чимээг чагнаснаа, санаа алдлаа. Өнөөдөр түүний жижүүртэй өдөр. Нараа аяга тавгаа угааж дуусгаад, чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Хөөстэй усанд таваг угааж суугаа дүүгийнхээ бяцхан гар луу Сугар харав. Тэр бодолд автлаа. Ганбаагийн аав Базар гуай “Усны саваа угаасан уу?” гэж хүүхдээсээ хэзээ ч асуудаггүй. Ээж Сүрэн нь бас л сайхан зантай. Тэр цэвэрлэгээ хийх хуваарь гаргаж хүүхдүүдээ зовоодоггүй. Базар гуай Сугарын аав Баатартай адил төсвийн байгууллагад ажилладаг. Хэдий тийм ч буруу талдаа хүрдтэй гоё машин өнгөрсөн зун авсан. “Манайх Ниссан тэрэгнийхээ зээлийг төлж байгаа учраас танайх шиг элдэв аахар шаахар юманд мөнгө үрэхгүй” гэж Ганбаа найз нь Сугарт бардсан юм. Нээрээ л Сугарын ээж Цэндмаа аахар шаахар юманд хамаг мөнгөө үрчихдэг. Зун хуучин бие засах газраа булуулж, шинийг барихад өчнөөн мөнгө зарсан. Тэр мөнгөөр Базар гуайн авсан шиг тэрэгний урьдчилгааг төлж бараг л хүрэх байсан биз. Айлууд хуучин муу сарампай хайрцагны модоор хааш яаш юм хийгээд болгочихдог байхад ээж нь шинэ банзаар бие засах газар бариулж, их гоё хуванцар доторлогоо хийлгэсэн юм. Орон сууцны айл шиг түүнийгээ долоо хоног бүр угааж, ариутгаж сүйд болно. Ээж цэцэрлэгийн багш болохоороо цэцэрлэгт тавьдаг ариун цэврийн шаардлагыг гэртээ хэрэгжүүлээд байна гэж Сугар заримдаа бодно. Аав ээж хоёр нь дэлгүүрээр хэсч, эрүүл мэндэд тустай гээд аль чанартай сав суулгыг цуглуулна. Ингэж байхаар бидэнд хувцас авчихад яадаг байна аа гэж Сугар бодно. Ганбаа, түүний дүү Болороо, Урнаа нар тэднийг бодвол хамаагүй гоё, шинэ загварын пүүз өмсөнө. Долоо хоногийн өмнө Ганбаа олон араатай унадаг дугуйтай болсон. Гэтэл яг тэр өдөр Сугарын аав ус цэвэршүүлэгч авч ирсэн билээ.
Сугар ийнхүү бодолд автан байтал, хашааны хаалга дуугарч, банхар нэрт халтар гөлөг нь баяртай хуцах дуулдлаа. Аав ээж хоёрыг нь ирэхэд банхар тийнхүү эрхэлж аягладаг зантай.
Сугарын ээж гэрт орж ирээд,
-Миний хүүхдүүд ажилсаг шүү. Бүх сав суулгаа гялалзуулчихаж гэлээ. Сугар дуугарсангүй. Ээж нь тортой юмаа тавиад, угаагуур луу эргэв.
-Гараа угаачихаад гурван хүүдээ сайхан цуйван хийж өгнө өө гэлээ. Энэ удаа Сугарт “Гараа угаачихаад...” гэх үг залхмаар сонсогдлоо. Гаднаас орж ирээд гараа угаах ёстой, тоглосны дараа гараа угаах ёстой. Хоолны өмнө бас заавал угаана. Удалгүй аав нь орж ирлээ. Түрүүн ажилдаа түүртээд дуу муутай байсан Нараа, бага дүү Тулгаа хоёр нь аавыгаа угтаж элдвийг шалгаагаад сүйд.
-Чи нэг юм мартчихлаа гэж ээжийг хэлэхэд, аав нь:
-Өө нээрээ тийм.., гэснээ угаагуур луу гүйж очин, бас л гараа угаалаа. Хоолоо идэж байхдаа ээж нь:
-Миний хүү яагаа вэ? Түрүүнээс хойш л дуугаа хураагаад хөмсгөө зангидаад байх чинь..? гэж асуухад Сугарын дотор бугшиж байсан уур зад тавилаа.
-Яахаараа бид өдөрт хоёрхон цаг тоглох ёстой гэж? Ганбаа дүү нартайгаа бүтэн өдөржин тоглож болоод л байна шүү дээ! Ганбаагийн ээж аав нь та хоёр шиг цаг үргэлж “Гараа угаа!” гэж үглэдэггүй. Гараа угаагаагүй гээд муу юм болсон юм лав л алга..! гэж хэлэхдээ Сугарын нүднээс нулимс цийлэгнэж байлаа.
Аав нь ч, ээж нь ч дуугарсангүй. Хоёр дүү нь бүлтийтлээ гайхан харж байлаа.
Орой унтахын өмнө аав нь Сугар луу удаан харж байснаа,
-Ноднин Базарын Болороо, Урнаа хоёр шарлаж, эмнэлэгт хэвтсэнийг санаж байна уу? гэж асуув. Сугарын нүдэнд Базар гуайн гэрт хөглөрч байдаг бохир аяга, тогоо шанага зурсхийн харагдлаа. Чухам ийм заваан аяганд хоол идсэнээс Ганбаагийн дүү нар шарласан байх гэж тэр үед бодож билээ.
-Саналгүй яах вэ! Урнаа нь зун дахиж шарласан шүү дээ! гэж Нараа дүү нь Сугарын өмнөөс аавдаа хариуллаа. Ээж нь хашаан дотроо муу усаа цацчихдаг, түүн дээр нь Урнаа тоглож байдаг нь Сугарт бас бодогдлоо. Тэднийх Сугарынх шиг бие засах газраа ариутгаж байсан удаагүй билээ.
-Тэдний хүүхдүүд шиг өдөржин тогло! Аягаа битгий угаа! Гараа ч угаагаад яах вэ..! гэж ээж хэллээ. Сугар түрүүнд уурлаж хэлсэн үгнээсээ үнэхээр ичлээ. Гэхдээ тэр дороо буруугаа хүлээж уучлал гуйж чадсангүй. Орондоо орохын өмнө,
-Аав аа, ээж ээ намайг уучлаарай гэж үнэн голоосоо хэлсэн юм.
Маргааш нь Сугар ус авахаар худаг руу очоод, Базар гуай, Ганбаа хоёртой тааралдлаа. Тэр хоёр машиндаа устай хуванцар савнуудыг ачиж байна. Ганбаа найз руугаа хүрч ирээд,

-Манайх хоёр долоо хоногийнхоо усыг ингээд ганц мөсөн зөөчихдөг. Амар байдаг юм шүү дээ гээд инээлээ.
“Усыг тасалгааны хэмд гурваас долоо хоног хадгалж болно. Түүнээс удвал савны доорх тунадаст нян үрждэг” гэж ээж нь хэлж байсныг Сугар бодлоо.
-Усыг ингэж удааж болохгүй ээ. Нян үржинэ! гэж Сугар хэллээ. Базар гуай:
-Юу гэлээ гэнээ? Ха ха ха гэж Сугарыг дооглоод, машинаа асаан хөдөллөө. Сугар тэрэгтэй усаа түрэн гэр лүүгээ алхав. Базар гуайнх зуун литрийн гуравхан сав усаар яаж хоёр долоо хонодог байна аа гэж тэр гайхлаа. Тавуулаа нийлээд хоногт хорьхон литр ус хэрэглэнэ гэдэг арай ч дээ. Угаалга цэвэрлэгээ бараг л хийдэггүй болохоор аргагүй гэж Сугар бодлоо. Сугар найз Ганбаагийнхаа болоод дүү нарынх нь төлөө санаа зовох боллоо. Өчигдөрхөн л Ганбаа, Урнаа хоёрын гэдэс өвдлөө гэсэн. Хоёр долоо хоног хадгалчихдаг уснаас шууд хутгаад уудаг юм чинь аргагүй. Хутгах хутгахдаа хоолныхоо халбагаар шүү. Хоолны үлдэгдэл усанд нь холилдож нян халдвар үржиж байгаа, эднийх усны саваа угаах биш гэж Сугар бодлоо. Ганбаад усаа буцалгаж ууж бай гэж хэлэхээр, чамаар заалгах юм уу гэж уурладаг билээ.
Бямба гаригт Сугарын гэр бүл их цэвэрлэгээ хийдэг хуваарьтай. Бусад айл шиг бүтэн өдөржин ажил болохгүй. Гэрээ тогтмол цэвэр байлгадаг учраас их цэвэрлэгээний ажил цагт л багтана. Хүн бүр хүчин зүтгэл нэмнэ. Цэцэрлэгт явдаг дүү Тулгаа нь хүртэл тоглоомуудаа угааж, ариутгана.
Их цэвэрлэгээ хийж байхдаа Сугар ээж аав хоёртоо хандан,
-Эрүүл ахуйг сахидаггүйгээс болоод хүүхдүүд нь шарлаад, өвдөөд байгааг Базар гуайд яаж ойлгуулах вэ гэлээ. Хүү нь үүнд маш их санаа зовж байгааг Баатар, Цэндмаа хоёр мэдэж байлаа.
-Би Базарт хэлбэл уурлах байх даа гээд аав нь бодол боллоо. Харин ээж нь:
-Сүрэнг би ятгаж, ярьж хэлээд байгаа. Овоо нааштай хүлээж авч байгаа шүү гээд аав руу нь, бас Сугар луу баяртай харлаа.
Харамсалтай нь тэр өдөр муу мэдээ ирсэн юм. Ганбаагийн бага дүү Урнаа гурав дахь удаагаа шарласан байв. Сугарын аав ээж хоёр эмнэлэг рүү яваад, царай маш баргар буцаж ирлээ. Урнаагийн өвчин энэ удаа маш хүндэрч, бүр сэхээнд орсон байлаа. Тэр намар бүтэн сарын турш эмч нар үхэлтэй нойр хоолгүй тэмцэж, Урнаад амьдрал бэлэглэж билээ.
Энэ аймшигт явдлаас хойш хажуу хашааныхны амьдрал эрс өөрчлөгдлөө. Ганбаагийн аав ээж хоёр байнга орж гарч, Сугарын ээжээс зөвлөгөө авна. Сав суулгаа тогтмол угаадаг, ундны усаа гурав хоног тутамд авдаг боллоо. Буцалсан ус ууж бай гэж хүүхдүүддээ үргэлж захина. Бие засах газраа ч мөн ариутгалаа.
Танайхтай адил шинийг барина гээд, Базар гуай бие засах газар луу нь орж үзэв. Ганбаагийн ээж муу усаа хаа сайгүй цацчихдагаа больж, цооног ухуулж, таглаатай болгосон байлаа. Тэр намраас хойш хэдэн жил өнгөрөв. Ганбаа болоод түүний дүү нар эрүүл саруул сайхан боллоо. Базар ах өөрийн гэртээ эрүүл ахуйг сахиад зогссонгүй, аавтай хамтран ойр хавийнхаа айлуудад яриа таниулга хийдэг болсон юм. Тэр:
-Ээ дээ, урьд нь би мөн ч хэнэггүй байж дээ гээд тэр толгой сэгсэрдэг. Базар ах айлуудаар орж ухуулга таниулга хийж явахдаа:
-Алтнаас илүү эрдэнэ чинь ус юм шүү таминь! гэж хэлэх дуртай болсон доо. Манай ойр хавь, гудамж, хороо цэвэр цэмцгэр сайхан болсон нь илт мэдрэгддэг болж билээ.
Хүмүүний амьдрал аа гэж. Бодлогогүй нэг нь сайн машин, сайхан хувцас, алт эрдэнийг шүтэж, амьдралыг тэтгэгч эрдэнэ болсон усны цэвэр ариун хэрэглээг умартсанаас ам бүлийнхээ эрүүл мэндийг хохироож байдаг ажээ. Түүгээр ч барахгүй үр хүүхэд хань ижлийнхээ амь насанд аюул занал ч учруулж болох нь. Харин ус болоод орчноо ариун байлгахын ачийг ухаарсан нэг нь хэдийгээр гартаа үнэт эрдэнийн бөгжгүй ч, хүмүүний хамгийн дээд эрдэнэ болсон эрүүл мэндээ хамгаалж чаддаг байх юм.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Шинэ байранд орсон нэг нөхөр орцныхоо хаалгыг түлхээд байдаг онгойдоггүй гэнэ. Тэгтэл цаанаас орцны жижүүр ирээд,
-Та наад хаалгаа татаж онгойлго гэжээ.
-Татах ёстой байтал ямар тэнэг нь “түлх” гээд биччихдэг байна аа?
-Аа энэ үү? Хоёр давхрын Дорж гуай ингээд биччихсэн юм аа.
-Яах гэж?
-Эхнэрийнхээ нууц амраг залууг хаалган дээр гүйцэж барьж авна гээд байгаа юм аа.


Гэмтлийн эмнэлгийн өмнөх бааранд нэг эр тогтмол орж ирээд хоёр зуун грамм архи захиалж ууна. Эмнэлэгт байгаа найзынхаа өмнөөс илүү нэг зууг татаж байна гэж тайлбарладаг байв. Нөгөө эр нэг өдөр орж ирээд зуун грамм архи захиалжээ.
-Эвий хөөрхий таны найз нас барчихаа юу?
-Үгүй ээ, би архинаас гарсан. Харин найз минь уудаг хэвээрээ байгаа юм аа.








Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Гахай мандтугай! гэх хашги­раан Монголыг доргиож байна. Гахай шиг буянтай, ашиг тустай амьтан алга гэж дамчин наймаачид дуу алдацгаах болжээ. 
Хамгийн түрүүнд “Гахай мандтугай” гэж орилсон хүмүүс бол амны хаалтны наймаачид, эмийн сангийн эзэд болой. Алга ч таглаж хүрэхгүй, сиймхий сэ­мэр­хий даавуу, анх зуухан төг­рөгийн үнэтэй байснаа одоо мянга давжээ. Наймааны алтан үед хулгар шарын арьс хойд ахын нутагт очвол долоо нугардаг байсан дээд амжилтыг эвдлээ.

Амны хаалтаар “нуга хийх”-ийн тулд салтаа сугандаа нууж, гааль гаталж, хил алхах зовлонгүй нь таатай. Гэнэтийн ашгийн татварын хууль гаргаж уул уурхайнхныг шар махтай нь хатааж байсан улсын их хурал мянган хувийн ашигтай наймааны тухай дуулаагүй юм шиг сууна. Эрхэм гишүүд өдөр нь хурал дээрээ унтаад, шөнө нь амны хаалт оёдог ч байж мэднэ гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид таамаг дэвшүүлээд байна.

Гахайд дурласан дараагийн хүн бол “Пөмбөгөр”-ийн  сүү, цагаан идээний худалдаачин ах гуай. Түүнтэй мэргэжил нэгтэй мянга мянган сүү, цагаан идээчид одоо өөрсдийгөө “аарцчин” хэ­мээх шинэ сонсголонтой нэр томъёогоор алдаршуулан дуурсгах  болсноо хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарлах гэнэ. Тэд энэ цагаас хойш аарцаар дагнаж, сүү, шар тос мэтийн шалдар булдар наймаагаа үүрд орхиж байгаа аж.

“Гахай мандтугай” гэсэн уриа­гаараа олны анхаарлын төвд ороод буй бас нэгэн бүлэг этгээд  бол жимсний наймаачид. Барсын жимснийхэн одоо ха­луун орны гадил, хятад зүгийн алимыг тоохоо больсон гэлцэнэ. Тэд зөвхөн чацаргана, хад, нэрсээр дагнан төрөлжихөөр үзэж тарж, үсэрч цамнаж байгаа аж. Дэлхийн толгой зуун баяныг нэрлэдэг “Борбоос” сэтгүүлийн судлаачид 2009 оны сүүлч гэхэд Монголоос дөрвөн аарцчин, таван жимсчин, нижгээд амны хаалтчин жагсаалтыг тэргүүлэх магадлалтай  болоод, хөөрхий Билл Гейтс, Уоррен Баффет нар хорь юм уу, гучдугаар байрт жагсвал дээдийн заяа гэсэн судалгаа гаргаад байна.   

Улсын их хурлын гишүүд “Хайртай Монгол орноо ман­дуулъя аа” гэж дуулж, чуулганаа нээгээд, “Ачтай гахайн томуугаа тараацгаая аа” гэж хоолой ний­лүүлэн  шуранхайлсаар  чуулганаа хааж байх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ төсөл зуун хувийн саналаар батлагдах нь ойлгомжтой болсон гэлцэнэ. Учир юу гэвэл эрхэм гишүүд сүү­лийн 20 жил тойргоороо хэ­сэж, “Жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ” гэж худлаа амласан нь гахайн томууны буянаар биел­лээ олжээ. Одоо Монгол Улсын хот дүүрэг, аймаг сум, баг өрх бүрт оёдлын машины дуу нүргэлж, уур манан савсан аарц буцалж, амны хаалт хөвөрч, жижиг дунд үйлдвэрлэл ид хөгжиж, үйлдвэрлэл нь эрчтэй явж байгаа юм байх.    
 
Гахай хэмээгчийн ачаар аарц цагаа аягаа халин цалгиж, амны цагаан хаалт говь, талыг гатлан туяарч буйн учир түүнийг буяны цагаан мөртэй амьтан хэмээн залбирагч “сүсэгтнүүд”-ийн тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэлцэнэ. Энэхүү гаж “сүсэгтнүүд”-ийн нүд улаанаар эргэлдэн, хүмүүний үхэл зовлон­гоор бузар ашгаа зузаалж, гахайн томуу улам тараасай гэж ханцуй дотроо наминчлан залбирсаар л.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Залуухан сэтгүүлч томилолтоос буцаж явахдаа галт тэргэнд нэг бүсгүйтэй дотно танилцжээ. Тэгээд тэврээд үнсэлцчихсэн чинь, бүсгүй ухаан балартаад залуугийн хүзүүнээс гурван газар улайтал шимчихжээ. Арилгах арга байхгүй. Будалтай биш. Залуу ямар ч аргагүй хөсрийн царайлан гэртээ орж ирэв. Үүдэндээ гутлынхаа үдээсийг тайлж эхэлтэл хав нь түүн рүү үсрэх нь тэр! Залуу гялсхийтэл сийрэв. Хаваа тэвэрч авангуут, хүзүүндээ нааснаа "Ёо ёо, хүзүүнээс хазчихлаа! Пөөх яасан сонин юм бэ? Нэг хазах шиг болсон чинь гурван газар улайчихлаа, хар даа!" гэсээр толинд хүзүүгээ харан зогсов. Эхнэр нь дэргэд нь ирээд, "Харин тэгдэг юм байна лээ. Өчигдөр бас миний мөөмөн дээр нэг л хазах шиг болсон чинь, ингээд гурван газар улайчихсан!" гээд мөөмөн дээрээсээ шимүүлсэн гурван сорвио үзүүлж байна гэнэ.


Өнөөх сэтгүүлч залуу УИХ-ын гишүүд Хэнтий нутагт ажиллаж байгааг сурвалжилжээ. Эрхэм гишүүн Арвин сүргийн бэлчээрт малчдад заавар зөвлөгөө өгөөд л, мал аж ахуйн мэдлэгээ гайхуулаад байх юм гэнэ. Сэтгүүлчид бахархах сэтгэгдэл төрж, Арвин гишүүн рүү очоод, ярилцлага авчээ.
-Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь..?
-Хар нь таван зуу, хүү минь.
-Улаан нь?
-Улаан нь бас таван зуу.
-За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь?
-Хар нь гурван литрийг өгдөг юм аа.
-Аа.., улаан нь?
-Улаан нь бас гурван литрийг өгдөг.
-Адилхан л байсан юм бол та яагаад "Хар нь уу, улаан нь уу" гэж толгой эргүүлээд байгаа юм бэ?
-Хар нь манай нагацын ямаа байгаа юм аа, хүү минь.
-Аа за. Улаан нь тэгээд хэнийх юм?
-Улаан нь бас манай нагацынх аа.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

УИХ-ын гишүүдийг ачиж явсан тусгай онгоц зүүн аймгийн нэгэн суманд осолдов. Аврагчид яаран очтол нутгийн малчид бүх гишүүдийг оршуулчихсан байна гэнэ.
-Хүүе, яадаг билээ? Бүгд үхчихсэн гэж үү?
-Зарим нэг нь бидэнд үхээгүй гэдгээ нотлохыг оролдож байсан л даа. Гэхдээ гишүүд дандаа худлаа хэлж байдгийг мэдэхгүй биш. Худлаа л хэлж байгаа гэж бодоод оршуулчихлаа.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Зуны дунд сараас эхлэн уурандаа багтрах шахаж, эргэн тойрноо харцаараа урж, хар яр архирч байсан нийслэлчүүд өнөөдөр тэс өөр болжээ. Замын түгжээнд гацаад байгаадаа чин зүрхнээсээ баярлан, эелдэг инээмсэглэх царай гудамжийг чимж байна.
Хамгийн баяр хөөртэй байгаа хүмүүс бол “нийтийн тээвэр” гэсэн шар туузтай саарал тэрэгний жолооч нар. Түгжрэлийн өмнө тэднийг буудал бүр дээр хувин тоссон саальчид эрээн модоор чичлэн угтдаг байлаа. Тэгвэл одоо замын цагдаа юун сааль сүү саах манатай, хөлс баасаа урсган, дөрвөн замын уулзварт хаашаа ч хөдлөх аргагүй нам зоолттой зогсох болжээ. “Түгжрэлийн буянаар манай ажилтнууд шударга болон хүмүүжиж эхэллээ. Бид улсдаа ариун цагаанаар хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж болдог гэдгийг ойлголоо” хэмээн замын цагдаагийн дарга зурагтаар ярьсан гэлцэнэ.
Долоон буудлын Долзод эмээ “Зам түгжсэн хотын дарга хүүгийн буяныг нэм!” гэж дуу алдан залбирч, магнай хагартал баярлав. Учир юу гэвэл түүний дөчин долоотой гон бие гозон толгой ганц хүү нь түгжээний буянаар хань бүлтэй болоод байна. Эмгэний хүү хөлсний тэрэг барьдаг агаад, нэгэн бүсгүйг Толгойтоос Шар хад хүргэх замын туршид нүүр хагаран танилцсанаар барахгүй гэрлэлтээ бүртгүүлж, бас бие давхар болгож амжжээ. Долзод эмээ ачийн зулай үнэрлэнэ гэхээс тэсч ядан суугаа сурагтай.
Баярцогт, Зоригт, Гансүх гурав баярлахын дээдээр баярлаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн замын бөглөөнд гацаж байх хооронд эрхэм сайд нар Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж амжжээ. Гурван этгээд гэрээнээс хэдэн үеэрээ идээд барахгүй их юм унагаснаар барахгүй ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрт ч хувь хүртээсэн гэж ард түмэн жиг жуг гэлцэж байгаа юм.
Нууц амрагуудад ч түгжрэл ач тусаа өгч байна. Ажлаа тараад, буудалд учирсан хоёрын эрэгтэй рүү эхнэр нь залгахуйд, хөлс бурзайж, амьсгаа өндөрдсөн эр сандарсан шинжгүй утсаа авна.
-Хөгшин чинь яг талбай дээр нам гацчихаад байна!
-Тэгээд яагаад амьсгаадаад байгаа юм бэ?
-Уур хүрээд, багтрах шахаад байхад чинь амьсгаадахгүй яадгийм!
-Миний өвгөн тайван бай. Зүрхээ бод! гэх утасны яриа эхнэр нөхрийн хооронд өрнөнө. Зарим нэг нөхөр үүрээр гэртээ орж ирээд, Их сургуулийн гудамжны гацаа сая л нэг юм онгойлоо гэдэг болжээ.
Албан хаагчид, багш, оюутан сурагчид бултаараа жаргаж байна. Шуурхай зөвлөгөөнд хоцроод, “Дарга аа, замын түгжээ хэрэг алга аа...” гэнэ. Дарга ажилтан руугаа зовлон ойлгосон энхрий зөөлөн харцаар хараад, суудал руу дохидог болсон. Их сургуулийн багш Хаймчиг хувийн сургуульд цагийн хичээл заачихаад, малийтал инээсээр орж ирнэ. “Бага тойрууд бөглөрөөд, бүтэн цаг гацчихдаг байна шүү!” гэнэ. Тэнхимийн эрхлэгч гараа алдлахаас өөр юу ч хэлэхгүй.
Бид урьд нэг л замаар уйдталаа холхидог байсан бол одоо зүлэг талбай, замын хажуу, голын эрэг хаа дуртай газраараа эрх чөлөөтэй сүлждэг боллоо. Шинэ содон газар түгжирч, шинэ сайхан охид харж, нүдээ баясгаж байгаадаа сэтгэл туйлын хангалуун. Түгжээнд зогсож байхдаа хажуугийн тэрэгний хөршийнхөө амар мэндийг мэдэж, гэр бүл үр хүүхэд, ач зээ болоод эмээ өвөөгийн лагшин тунгалаг эсэхийг асуудаг болоод байна. Хотын иргэдийн зан харьцаа мэдэгдэхүйц сайжирлаа.
Замын бөглөө Монголд эргэлт авчирчээ! Түүхчид эрин зууныг түгжрэлийн өмнө үе, түгжрэлийн дараах үе гэж хуваахаар санал дэвшүүллээ. Түгжрэлийн ачаар жолооч амгалан болж, цагдаа хүмүүжиж, хүүхэд төрж, хүн ам өсч, түүхэн гэрээг үзэглэснээр эдийн засаг эрс сайжрах гольдролд орлоо. Монголчууд бид өөр хоорондоо эвтэй харьцаж, ойртон нягтарлаа. Бид түгжрэлд орохоороо эвтэй болдог, эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн ажээ. Замын түгжээ мандтугай!

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

/шог өгүүллэг/

Эрт урьд бус энэ манай цагт Итгэлт баян хэмээгч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү аж төрдөг байжээ. Тамирын голын ногоон хөндийд жалга довынхоо зон олныг цуглуулж, хорин суурь хонио хяргуулсан шиг жаргаж суув гэнэ.
-Одоо ямаа боож идээд, орой цүү хаяна хэмээн гэгээ татуулан хэлж байтал нь гай газар дороос гахай модон дотроос, мэргэжлийн хяналт гэнэтхэн ирэв.
-Иргэн Итгэлт та ажлын байрны дүгнэлт гаргуулсан уу? гэж байцаагч Балдан төрийн төмөр нүүрээ атируулан асуулаа. Итгэлт ээрч түгдрэв, ир мохож гөлийв.
-Нэг хонинд ноогдох нэгж талбайн хэмжээ нилээдгүй дутжээ! гээд байцаагч толгой сэгсэрлээ. Луу гүний баян Итгэлт, лүүнд булхсан гөлчгий мэт бүлтгэнэж, Балдан байцаагчийн өлмийг долоолоо. Долоогоод долоогоод нэмэр болсонгүй, хан ноёнд айлтгаж, хар гэрт хориулна гэж хангинаад, халуун хошуутай зуун бодоор торгов.
-Үтэр түргэн ажлаа хаа, үнэмлэх бичгээ бүрдүүл! гэж байцаагч ууртай тушаалаа.
Хөөрхий Итгэлт санаа алдав.
-Ямаагаа боож идээд, явцгаах уу даа, таминь! гэх сулхан дуу унагалаа. Боодгоо хам хум шалзлаад, болгоож идэхийг завдтал нь хорио цээрийн Хорол байцаагч ирэв.
-Нийтэд хоолоор үйлчлэхэд нийцүүлсэн бичиг чинь хаа байна? хэмээн Хорол хорсолтой асуулаа. Итгэлтийн нүдний цог голойж, нүүрний гал бөхөв.
-Хүнсний малыг үйлдвэрт бус ил задгай төхөөрнө гэнэ ээ? Маханд байх нянгийн тун магад хориор хэтэрчээ! гэж байцаагч часхийн чарлалаа. Үйлийн үртэй Итгэлт үржлийн наян богоор торгуулсны дараа сая Хорол байцаагчийн нурууг харав.
Боодгоо хураалгаж, богоо дундруулсан Итгэлт гэртээ урамгүй ирэв. Ширмэл олбогтоо атиран, ширмэн тогоогоо өнгөлзөв. Пор пор буцлах махыг хүлээн, гүд гүд шүлсээ залгив. Ийн суух зуур “Эрдэнийг дагуулан мордож, бичиг цаасыг нь бүтээе” гэж тэр бодлоо. Хотны ноход боргож, хойд зүгээс дөрөө ханхийв. Лагс алхаатай, лугс дуутай нэгэн хоолой засаад орж ирэх нь барилгын хяналтын байцаагч Цахиур Төмөр ажгуу. Баруун талд байх бар хээтэй олбогт тухлахыг урьсан боловч байцаагч сонссонгүй шууд ханцуй шамлаад хана унь тоолж, баганын голчийг хэмжив. Төмөр байцаагч хилэнтэй харцаар цоргиод,
-Баталсан зурагт тав байтал таны гэр яахаараа найман ханатай байдаг билээ? гэлээ. Итгэлтийн гэрийг буулгав. Луу гүний цуутай баян аргагүйн эрхэнд адуу эрэхээр одсон Эрдэнийнд хоног төөрүүлэв.
Маргааш өглөөний мандах улаан нарнаар Итгэлт Эрдэнийг дагуулан зүүн зүгт хөдөллөө. Аймаг руу ордог арслан сийлбэртэй аранзал хаалган дээр Бадарч тахар хөндөлдөв.
-Иргэн Итгэлт та яахаараа тогтоосон хурдыг хэтрүүлдэг билээ! Таны морь жолоодох эрхийг хассугай! гэж баргил дуугаар бархираад, бах тав нь ханасан байдалтай эмээлт моринд нь эзэн хүн шиг мордоод галигуулж одов. Явган нүцгэн таваргаж, янтай цаасаар хөөцөлдсөөр сарыг бараад ирэхэд нь хорин суурь хонины нь ноос харгана бутаар нэг хөглөрсөн байлаа.
Хамаг ноосоо хаяснаа бодож, харуусаж суусан Итгэлтийнд эмийн эрхийг хамгаалах эрхэмсэг хатад бууцгаав.
-Эрдэнийг эзгүйд Долгорыг яасан..? Долоон сарын өмнө Дулмааг бас яасан..? хэмээн учир шалгаан шаагилдаж, ухаж төнхөж байцаав. Энэ зунжингаа Итгэлт эрүүгийн цагдаа, эрхийн хорооны үүд сахив. Ном сонины хуудсанд заларч, ноцтой мэдээнд цоллууллаа. Шар хэвлэлийн баатар, шар сэмжтэй од болоод, эргэж гэртээ ирэхэд нь эхнэр нь салаад талийсан байлаа.
Хяруу унаж намар дундрав. Мангуудын баян Паалуутай хоршиж, Ангарын хот руу үхэр шар гаргах панз наймаа бодов. Нянгийн шинжилгээ, няхуур үзлэг, гүний гааль, гүрний хяналт, хорио цээр, холын гувчуур, мал эмнэлэг, мах бэлтгэл, хөдөө ахуйн яам, хүнс хөхүйн тамга гэх наян газраар харайлгаж насыг баржээ, хөөрхий. Нааш цааш гүйх хооронд наяын сүүдрийг зооглож, найгал болтлоо өтөлсөн байв. Найман буман цаасыг, нягталж гүйцээх гэвэл нэгэн биеийн нас үл хүрэхийг ухаарч, буцаж гэртээ харив. Сүлд нь буусан Итгэлт сүүтэй цайгаа оочлон сүг оргин суух болжээ.
Үнэн худлыг бүү мэд, үлгэр ингээд дууслаа. Луу гүний цуутай баян өнөө цагт төрсөн бол нээрээ л ингэж зовох байж, нэгэн биеэ үрэх байж. “Хүмүүнлэг ардчилсан” нийгмийг хүртэж ердөө амтлаагүй Итгэлт азтай хүн!

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Аятайхан бүсгүй гэрэл зургийн газар луу орж ирэв.
-Зургаа авахуулах гэсэн юм. Болох уу?
-Болно оо. Тийшээ ороод, бүх хувцсаа тайл!
-Юу..?
-Би эротик зурагчин юм аа!
-Надад үнэмлэхний зураг хэрэгтэй ш дээ!
-Санаа зоволтгүй ээ! Зургаа авсныхаа дараа фотошопоор хувцастай болгочихно!

Нөхөн үржихүйн хичээл орж байна. Багш нь:
-Хүүхдүүд ээ, та нар зургаан настай том хүүхдүүд болчихжээ. Багш нь хүүхэд яагаад гардгийг хэлж өгье гэв. Вовка их эгдүүцсэн царайтай босч ирэв.
-Гурван настайд алтан загас ярьдаггүй гэж та нар итгүүлсэн. Дөрвөн насанд мангас байдаггүй болж таарсан. Таван насанд өвлийн өвөө хуурамч гэж мэдүүлсэн. Одоо тэгтэл томчууд сексддэггүй болж таарах нуу? Бид юунд итгэх болж байна аа?

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл хөхтөн амьтан бүлгээ. Газар сайгүй төсөл хэрэгжиж, гадаадтай тулж ажиллаж сурах нь монгол хүний эрмэлзэх арван зүйлийн нэгэн болсны учир энэхүү гарын авлагыг бүтээсэн болой. Тэд бол илжиг шиг зөрүүд хүмүүс гэдгээс эхний зөвлөгөө үүднэ. Тэдэнтэй харьцахдаа зөрүүдлэнэ гэдийг нь тооцож, санаагаа ямагт эсрэгээр хэлэх хэрэгтэй. Урагшаа явах хэрэгтэй бол хойшоо давхия гэж хэл. Тэднийг онгоцоор нисгэмээр байгаа бол галт тэрэг санал болгох хэрэгтэй. Тэмээ унуулмаар байгаа бол "Ямаа зайдлах нь эрүүл мэндэд тустай" гэж ятга. Нэгэн төслийнхөн хонины суурьт саравчтай хашаа барих болж л дээ. Төслийн монгол дарга эрүүл ухаантай хүн байсан болохоор нөмөр газар, салхины уруу харсан байрлалтай зураг төсөл хийсэн байв. Тэгтэл төслийн гадаад даргын зөрүүд зан хөдлөөд, "Саравчийг уулын оройд, умар зүгт харуулж барь! Би төслийн ерөнхий захирлын хувьд тушааж байна!" гэсэн юм. Тэр хашаанд одоо шувуу ч өндөглөхгүй байгаа гэлцдэг. Төслийн монгол дарга гадаадуудтай тулж ажиллах арга барил эзэмшээгүй байсны улмаас өчнөөн хөрөнгө өндөр уулын оройд үжирч хэвтэж буй нь тэр. Тэд сургалт явуулах асар дуршилтай. Сургалтаа заавал энгийн зүйлээс эхэлдэг сайхан заншилтай. Хонины махыг лаазалж, нөөш хийх тухай заах гэж байгаа бол хичээлээ "Хонь бол хоёр нүдтэй дөрвөн хөлтэй амьтан агаад, ховор тохиолдолд ганц нүдтэй төрөх нь бий" гэх ярианаас эхэлнэ. Долоо хоногийн сургалтын эхний зургаан хоногтоо хонь монголын тал нутагт амьдардаг нь гарцаагүй үнэн болох тухай сайтар зааж хэлж өгөөд, долоо дахь өдрийн үдээс өмнө хонины махыг хэрхэн лаазлах тухай цухас дурьддаг. Мэдээж, үдээс хойш нь сургалтын гэрчилгээ гардуулах ёслол хийнэ. Үүнээс үүдээд, гадаад багшийн сургалтад ирэхдээ зүү утсаа сайтар базаах хэрэгтэй гэх хоёр дахь зөвлөгөө гарч ирнэ. Зургаан өдрийн турш дэмий гиюүрэхийн оронд та зүү ороовол зургаан сайхан оймс нэхэж, эх орныхоо эдийн засагт нэмэр болно гэсэн үг. Яамныхан танай байгууллага луу гадаад мэргэжилтэн илгээхдээ, "Асар туршлагатай, нэвтэрхий мэдлэгтэй, алтан гартай" хэмээн суртал ухуулга хийнэ. Энэ худал ухуулгад итгэх нь туйлын гэнэн хэрэг юм. Нэвтэрхий мэдлэгтэй байсан юм гэхэд юугаа хийж наашаа ирэх вэ? Зэрэг хамгаалж, нээлт хийж, нэрээ дуурсгаж, эх орондоо баян цатгалан сайхан амьдрах байсан шүү дээ. Шилдэг нь бус, тааруухан нэг нь нутагтаа гологдохоороо буурай оронд бумба галзууруулах томилолт гардан авдаг. Тэгэхээр гуравдугаар зөвлөгөө бол тэднийг юм мэддэг гэдэгт бүү итгэ. Дөрөв дэх зөвлөгөө бол тэдэнтэй ажиллахдаа гахай шиг тэвчээртэй байх. Өглөө ажилдаа ирэх, орой салахдаа тэднийг элэгсгээр тэвэрч хошуун дээр нь үнс. Өмхий амтай тэтгэврийн хөгшин ч бай хамаагүй тэвчиж байгаад үнс. Тэвчээр алдаж ярвайж хэрхэвч болохгүй. Тэд монгол хонийг бүдүүлэг байна гэж толгой сэгсэрвэл та тэвчээртэй байж, хонио соёлч боловсон харьцаанд сургах ёстой. Хонь нэг бүрийнхээ нусыг авч, нүүрийг угаа. Тэдний үгийг сөрөх аваас та гадаадын мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцаж буй нь тэр. Мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцдаг ажилтан орчин үеийн Монгол улсын аль ч салбарт тэнцэхгүй гэж мэд. Тав дахь зөвлөгөө бол тэднээс юуг ч битгий асуу. Гэнэ алдаад, "Хонио худгаас усалж болох уу?" гээд асуучихлаа гэж саная. Мэргэжилтэн хонь усыг амаараа уугаад, боожгооны сүвээрээ дамжуулан гадагшлуулдаг нь үнэн болох тухай тайлбарлан, зургаан өдрийн хичээлийг танд заана. Эцэст нь "Хонийг худгаас усалж болох эсэх тухай асуудлыг би мэдэхгүй" гэнэ. Тэгээд энэ чиглэлд илүү нарийн мэргэшсэн бас нэг гадаад мэргэжилтнийг урьж ирүүлж, зургаан сарын сургалт явуулна. Тэр хооронд таны хонь усгүй байх болно. Монгол нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон хонь тулдаа л тэснэ. Зургаа дахь зөвлөгөө бол тэдний дэргэд дүрэм журмыг ягштал баримтах явдал. "Хонийг өглөөний наймд бэлчээнэ" гэсэн дүрэмтэй бол цасаар шуурч байсан ч бэлчээх л ёстой. Хонио шуурганд уруудуулаад бүгдийг нь чадхийлгэх байлаа ч гэсэн дүрэм бол дүрэм. Та хоньгүй хоосорлоо гэж гутрах хэрэггүй. Цаадуул чинь таныг малжуулах төсөлд хамруулчихна. Эцэст нь хэлэхэд, гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл, ашиг тустай хөхтөн амьтан бүлгээ. Гадаад мэргэжилтэн сэтгэл харамгүй зааж зөвлөсний ачаар мал гучин сая хол давж, монголчууд бид идэх махтай, цатгалан сайхан амьдарч буй билээ. 

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)

1 2 3> >>